Бид та бүхэндээ өчигдөр/2020.08.23/ FIFA.com буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудаснаа нийтлэгдсэн Монголын үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалын сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Хэрэв Н.Цэдэнбал хөлбөмбөг тоглох сонирхолгүй байсан бол тэрбээр өөр спортын төрөлд нэрээ гаргах байсан болов уу. Бага байхаасаа л тэрбээр бөх, сур харваа, морин уралдаан зэрэг Монголын үндэсний спортуудад онцгой сайн байжээ.
Өдгөө 31 настай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал FIFA.com сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол хүүхэд бүр эдгээр спортод дуртай. Монгол хүүхдүүд багаасаа биетэй биетэйгээ барилдаж, ноцолдож өсдөг. Би тэдний нэг нь байлаа” хэмээжээ. Н.Цэдэнбал сургуульд байхдаа эдгээр спортод авьяастай байсан бөгөөд бөх болон морин уралдааны тэмцээнүүдэд түрүүлж байжээ. Харин хөлбөмбөгийн спорт улс оронд нь хөгжиж, 1998 онд Монголын хөлбөмбөгийн холбоо AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн болохтой зэрэгцэн тэрбээр энэхүү спортод татагдаж эхэлсэн байна.
Тэрбээр энэхүү спортоор хичээллэж, хурдацтай сайжирч байгаа нь илт байв. Ахлах сургуульдаа сайн тоглолтыг үзүүлсэн Н.Цэдэнбал 2009 онд анх удаа үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дуудагдан, EAFF буюу Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан урьдчилсан шатны тэмцээнд оролцов. Үүнээс хойш тэр хэзээ ч эргэж харсангүй. Одоогийн байдлаар аль хэдийнэ үндэсний шигшээ багийнхаа төлөө 30 гаруй тоглолтонд оролцож, долоон гоол оруулжээ.
ТҮҮХ БҮТЭЭСЭН ДОВТОЛГОО
Одоо бол Н.Цэдэнбалын хувьд Монголын үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Доноровын Лүмбэнгарав тэргүүтэй домгуудын эгнээнд бичигдэх болсон. Түүний FIFA Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд оруулсан гурван гайхалтай гоол, Монголчуудын хувьд түүх бүтээсэн.
Тайланд улсад явагдсан сонгон шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэлийн сүүлийн өдөр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайс Н.Цэдэнбалд шигшээ багийн ахлагчийн туузыг албан ёсоор гардуулсан юм. Н.Цэдэнбал ч Герман дасгалжуулагчийнхаа хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлсэнгүй Бруней Даруссалам улсын шигшээ багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 гэсэн харьцаатай хожиход хоёр чухал гоол оруулж, улмаар Монгол улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар шатанд дэвшсэн юм.
Монголын шигшээ баг эх орондоо хийсэн эхний тоглолтондоо өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиход тус тоглолтын эхний гоолыг Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос оруулж байв. Монгол улс Катар-2022 ДАШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолтыг хийх эрхэм хүндтэй үйл явдлын эзэд болсон ба Н.Цэдэнбал тус урьдчилсан шатны анхны тоглолтын эхний гоолыг оруулж, түүхэнд нэрээ үлдээжээ.
Харин Бруней улсын талбайд хийсэн хариу тоглолтондоо Монголын шигшээ баг эхний хагасыг л 2-0 гэсэн харьцаатай хожигдож өндөрлүүлэв. Гэвч хоёрдугаар үед Монголчууд торгуулийн цохилт хийх эрхтэй болж үүнийг нь Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэн, баг нь дараагийн шатанд шалгарах эрхээ олж авсан билээ.
“Шигшээ баг маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатаа түүхэндээ анх удаа давсан нь үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Миний бодлоор бидний гаргасан амжилт Монголын хөлбөмбөгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Үнэндээ бидний байгуулсан ялалтууд Монголын хөлбөмбөгийг өөр түвшинд аваачсан. Монгол хүүхдүүд ихэвчлэн Английн Премьер лиг эсвэл Испанийн Ла лиг үздэг. Гэхдээ бидний ялалт байгуулсан тэр өдрөөс хойш хүүхэд залуучууд бидний тоглолтыг үзэж, дагаж, дэмждэг болсон. Хөлбөмбөг сонирхогчдын тоо хурдацтай нэмэгдсээр байна” хэмээн Н.Цэдэнбал ярьжээ.
Багийн ахлагчийн үүргээ гүйцэтгэхээс гадна Н.Цэдэнбал өөрийн чөлөөт цохилтоо чадвараа харуулж, ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр шатанд Тажикстан улсын шигшээ багт 2-1 гэсэн харьцаатай хожигдсон тоглолтонд багийнхаа цорын ганц гоолыг чөлөөт цохилтоос оруулж байв. Тэрбээр хэдий хамгаалагчийн байрлалд тоглодог ч багийнхаа мэргэн бууч болж чадсан юм.
Дэвид Бекхэмийн үнэнч шүтэн бишрэгч Н.Цэдэнбал “Би багийнхаа чөлөөт цохилтуудыг гүйцэтгэх чухал үүрэг хариуцлага хүлээсэн. Чөлөөт цохилтоо амжилттай гүйцэтгэхийн тулд сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Үргэлж дарамттай байдаг ч үүнийг даван туулахын тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг” хэмээжээ.
КЛУБ БОЛОН ЭХ ОРНЫ НАЙДЛАГА
Н.Цэдэнбалын клубын түвшинд гаргасан амжилтууд нь мөн гайхалтай. Тэрбээр Улаанбаатарын Унагануудад клубт хөлбөмбөгчний карьераа эхлүүлж, 2009 онд багаа ахлан Монголын хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж байжээ. Үүнийхээ дараа Улаанбаатар Сити багтай нэгдэн Монголын хөлбөмбөгийн холбооны цом болон Супер цомын тэмцээнүүдэд мөн багаа ахлан түрүүлжээ. Харин одоо бол Н.Цэдэнбал багаа солин Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 12 удаагийн аварга Хаан хүнс – Эрчим багтай нэгдэн, шинэ зорилгодоо анхаарлаа төвлөрүүлээд байна.
“Би ирэх есдүгээр сард 32 нас хүрнэ. Багаа дээд лигт түрүүлэхэд нь тус болж, дараа жил AFC цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцмоор байна” хэмээн ярьжээ.
Дэлхийн аваргын урьдчилсан шатны гурван тоглолт үлдсэн учир Н.Цэдэнбалыг мэдээж, олон улсын түвшинд шинэ амжилт гаргана гэж найдаж байна. Энэхүү урьдчилсан шатны тоглолтууд нь ирэх 2023 оны AFC Азийн цомын тэмцээнд оролцох багуудыг давхар тодруулах учир Н.Цэдэнбалын хувьд Япон, Мьянмар, Киргизстан зэрэг багуудын дундаас дараагийн шатанд шалгарахыг хүсч байгаа.
Тэрбээр “Бид одоогоор гурван оноотой хэсгийнхээ сүүлд бичигдэж байгаа боловч илүү эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Хэрвээ хэсэгтээ дөрөвдүгээр байранд орж чадвал Азийн цомын урьдчилсан шатны гуравдугаар шатанд шалгарах боломжтой” гэв.
Н.Цэдэнбал "Саяхан Монголын хөлбөмбөгт томоохон ахиц дэвшил гарсан. Бид багадаа тоос шороотой, бохир талбайд л хөлбөмбөг тоглодог байлаа. Харин одоо бид хиймэл зүлэгтэй олон талбайтай боллоо. Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн спортыг нийгэмд таниулах, сурталчлах талаар сайн ажиллаж, энэхүү спорт маань өдөр ирэх тусам улам түгээмэл болж байна. Их итгэл найдвар төрүүлсэн шинэ залуу үе гарч ирж байгаа учир хөлбөмбөг нэг л өдөр Монголын уламжлалт спортуудтай ижил түвшинд очно гэдэгт би итгэж байна” хэмээн Н.Цэдэнбал онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: FIFA.COM www.news.mn
Comments
Post a Comment