Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүнд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог.
Тухайлбал, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ЭРҮҮГИЙН ХУУЛЬД заажээ.
/“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно./
Харин Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД заажээ.
Ямар тохиолдолд зөрчил эсвэл гэмт хэрэг гэж үзэхийг хуулийн байгууллага хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан тогтооно.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй хүмүүс үүргээ биелүүлээгүй тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгуулна.
Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амийг нь хохироосон бол 12-20 жил эсхүл бүх насаар хорих ял онооно гэж заажээ.
10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хууль
11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хууль
1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.
Эх сурвалж: www.gogo.mn
Comments
Post a Comment