БНСУ-ын Далайн эрэг, загас агнуурын яамны загасчлалын салбарын ажилтан 47 настай А гэгч алга болж, БНАСАУ-ын цэргүүдэд буудуулан нас барсан хэрэг гарсан билээ. БНСУ-ын Хөх ордноос болсон явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй жигшүүрт хэрэг хэмээн үзэж, мэдэгдэл хийсэн юм.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр (2020.09.25) уучлал гуйжээ. Ким захиандаа “Цар тахалтай бүх хүчээрээ тэмцэж буй энэ үед нэмэр болохын оронд Ерөнхийлөгч Мүн болон БНСУ-ын ард түмнийг гонсойлгосонд өршөөгөөрэй. Ийм хэрэг болох ёсгүй байсан юм” хэмээн бичсэн аж.
Өршөөл хүссэн захиаг БНАСАУ-ын эрх баригч нам өмнөд хөршдөө илгээсэн бөгөөд захианд “Хохирогч манай улсын эзэмшлийн далайд зөвшөөрөлгүй нэвтэрч, биеийн байцаалтаа үзүүлэхээс татгалзсан тул хилийн харуулын цэргүүд түүнийг 10 орчим удаа буудан хороосон” хэмээн бичсэн байна.
Гэвч хохирогчийн биеийг шатаасан гэдгийг үгүйсгэж, “Хохирогчийн цогцос далайд урсан алга болсон. Харин цэргүүд болзошгүй коронавирусийн халдварын аюулаас сэргийлж, түүний завийг шатаасан. Хохирогчийн цогцсыг цэргүүд хайгаад олоогүй, мөн завийг шатаах нь манай улсын халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу зөв үйлдэл байсан” хэмээн бичсэнийг БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Су Хүн мэдээлжээ.
Хэргийг сануулбал, энэ долоо хоногийн эхээр буюу есдүгээр сарын 21-нд А гэгч хилийн Суёнпён арал дээрээс алга болж, 24 цагийн дараа БНАСАУ-ын цэргүүдэд баригджээ. Мөн түүнээс хойш зургаан цагийн дараа амиа алдсан байна.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар А гэгч хоёр хүүхэдтэй боловч эхнэрээсээ салаад удаагүйгээс гадна санхүүгийн асуудалд орсон байжээ. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар А гэгч БНСУ дахь амьдралаа орхин, БНАСАУ руу дүрвэхээр төлөвлөж байсан аж.
Comments
Post a Comment